MIAT Mongolian Airlines
Товч түүх:
МИАТ компанийн түүх бол Монгол Улсад иргэний агаарын тээврийн салбар үүсч хөгжсөн түүх юм.
ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Монголд анх газардсан 1925 оны 5-р сарын 25-ны өдрийг Монголд нисэх хүчин байгуулагдсан өдөр гэж зүй ёсоор тооцдог билээ. Хожим нь 1946 онд дээд зэрэглэлийн 7 онгоц, 1 По-2 онгоцтой Иргэний агаарын тээврийн тасаг байгуулагдаж Дундговь, Сүхбаатар аймаг, Сайншанд, Өндөрхаан чиглэлд дотоодын иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1946, 1947 онд Ард түмний агаарын шуудангийн дүрэм болон агаарын шуудангийн онгоцны сүлд, тэмдгийг баталсан түүхтэй.
Монголын иргэний агаарын тээврийн хөгжилд 1956 он шинэ эринийг нээв. 1956 оны эхээр ЗХУ-аас 5 Ан-2 онгоц ирж, нисгэгчдийн бэлтгэл амжилттай дууссанаар монголчууд хуваарьт нислэгээр тогтмол нисэх боломжтой болжээ.
1958 оны байдлаар Монгол Улс 14 Ан-2 онгоц, 7 Ил-14, нийт 21 онгоцтой болсон ба 11605 зорчигч, 363700 кг ачаа, шуудан тээвэрлээд байлаа. 1970 он гэхэд Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани аймаг, сум, нэгдлийн төв зэрэг дотоодын нислэгийн 130 газарт буюу нийт нислэг үйлддэг газрынхаа 80 хувьд үйлчилгээгээ үзүүлчихээд байсан юм.
Тэр үед МИАТ компани долоо хоногт 4-6 удаа, Улаанбаатараас аймгуудын төв рүү, аймгийн төвөөс сумын төв рүү 2-3 удаа нислэг үйлдэж байсан ба 1966-1970 онд боловсон хүчний өндөр мэргэшсэн нөөцтэй, онгоцны парк хоёр дахин нэмэгдсэн,Өвөрхангай, Хөвсгөл аймаг дахь нисэх буудлууд газардлагын болон шөнийн нислэгийн гэрэлтүүлэгтэй болоод байв.
1987 оноос МИАТ компани ЗХУ-аас Ту-154 онгоц түрээслэн авч олон улсад нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд Оросын Москва, Эрхүү, Хятадын Бээжин хотод төлөөлөгчийн газраа нээлээ.
Иргэний агаарын тээврийн салбар улам бүр хөгжиж, Монгол Улсын гадаад харилцааны хүрээ тэлж, олон улсын стандартад нийцсэн нислэг үйлдэх шаардлагаас үүдэн 1993 оноос МИАТ бие даасан, төрийн өмчийн иргэний агаарын тээврийн компани болсон юм.
Зам, тээвэр, холбооны яамны сайдын 1993 оны 8-р сарын 12-ны өдрийн 180 дугаар тушаалаар МИАТ нэгтгэлийг Иргэний агаарын тээврийг удирдах газар, МИАТ компани гэсэн аж ахуйн тооцоотой хоёр байгууллага болгон ажиллуулах шийдвэр гарсан байна.
Дээрх шийдвэрийг үндэслэн нийт 906 ажиллагчтай иргэний агаарын тээврийн МИАТ компанийн шинэхэн түүх 1993 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлсэн билээ.
МИАТ компани 1993 онд Ан-24 онгоц 12, Ан-24 онгоц 3, Ми-8 нисдэг тэрэг 3, Ю-12 онгоц 5, Ан-2 онгоц 45, Боинг- 727 онгоц 1, Ту-154 онгоц, Ан-30 онгоц 1, нийт 71 онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байв.
Олон улсын үйл ажиллагаа өргөжихийн хэрээр 1990 онд тус компани бүртгэлийн СИТА системийн гишүүн, мөн 1996 онд Олон улсын агаарын тээврийн холбоо ИАТА-д гишүүнээр элссэн юм.
Өдгөө МИАТ ХК дэлхий дахинаа үйлчилгээний стандарт, аюулгүй байдлаараа хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний томоохон тээвэрлэгч болоод байгаа билээ.
МИАТ ХК-ийн байнгын үйлчлүүлэгчийн урамшууллын хөтөлбөр “Blue Sky Mongolia” хөтөлбөрийн тухай мэдээлэл авахыг хүсвэл www.miat.com цахим хаяг руу хандана уу!