Монгол улсын ураны баялаг
Эрчим хүчний хэрэгцээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа эдүгээ цагт дэлхийн улс орнууд “Цөмийн эрчим хүч”-ийг ихээхэн сонирхох болсон бөгөөд дэлхийн нийт эрчим хүчний 16 гаруй хувийг 440 орчим цөмийн эрчим хүчний реактор үйлдвэрлэж байна. Энэхүү 440 орчим цөмийн эрчим хүчний реакторын ¾ нь голдуу Хойд Америк болон Европд, үлдсэн нь Азид, тэр дундаа Хятадад байгаа. Сүүлийн хэдэн жилд, тодруулбал 2001 оноос эхлэн Хятад улс цөмийн эрчим хүчний салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулах болсон.
2006 оны байдлаар дэлхийн эрчим хүчний 79 хувийг хатуу түлшнээс, 18 хувийг сэргээгдэх эрчим хүч, 3 хувийг цөмийн эрчим хүчнээс гарган авсан байлаа. Харин 2010 оны байдлаар дэлхийн эрчим хүч үйлдвэрлэлийн 16 хувийг цөмийн энергиэс гарган авдаг болоод байна. Франц улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 88, Литва 68.6, Словени 56.1 хувийг цөмийн эрчим хүч эзэлж байна. Цөмийн эрчим хүчний эзлэх хувь нь Азийн орнуудын хувьд тухайлбал, Өмнөд Солонгост 44.7, Арменид 42.7, Японд 29.3, Энэтхэгт 5.5, Пакистанд 2.8, Хятадад 2 хувь байна.
Нүүрснээс эрчим хүч гаргах үйлдвэрлэлийг халахад “Цөмийн эрчим хүч” чухал үүрэгтэй. Дэлхийн эрчим хүчний одоогийн гол эх үүсвэр болох нүүрсийг халсанаар агаарын бохирдол, озоны цоорол гэх мэт асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох юм. Үүнийг шийдвэрлэх арга зам нь “Цөмийн эрчим хүч-Уран” гэж зарим орнууд үзэх болсноор цөмийн эрчим хүчний хөгжлийг хурдасгаж байгаа билээ.
Монгол Улс ураны нөөцөөр дэлхийд 5-рт жагсадаг бөгөөд дэлхийн ураны баялгийн 23 орчим хувийг дангаар эзэмшдэг улс. Манай улсын ураны судалгаа 1948 оноос эхэлсэн гэж үздэг бөгөөд 1948-1969, 1970-1992, 1993-өнөөг хүртэл гэсэн гурван үе шатыг туулан өнөөдрийг хүрсэн билээ. 1992 онд Монгол Улс “Цөмийн зэвсэггүй бүс” болохоо тунхаглан зарласан ба 1993 онд ураны асуудлыг хариуцсан анхны төрийн өмчит компани болох “Уран” ББХК байгуулагдсанаар энэ салбарын мэдээллийг цуглуулж баримтжуулж эхэлсэн юм. Үүнээс улбаалан 1994 онд “Гурвансайхан”, 1996 онд “Төв Азийн Уран”, 1997 онд “Кожеговь” зэрэг компаниуд байгуулагдсанаар энэ салбарт эрчимтэй үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд үүний араас олон олон компани ураны салбарт орох болсон билээ.2009 оны байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэний нэр дээр 4778 тусгай зөвшөөрөл олгогдсоны 3000 гаруй нь хайгуулын, 1000-аад нь ашиглалтынх. Үүний 1632 нь дотоодын, 336 нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн нэр дээр байсан байна.
Одоогоор Монголд дараах ураны ордуудад үйл ажиллагаа явуулж байна. (Хаалтанд лиценз эзэмшигч компани):
1. Дорнод (Khan Recourses Inc-58%, МУ-ын ЗГ-21%, ОХУ-21%)
2. Гурванбулаг (Хятадын Western Prospector)
3. Хайрхан (Гурвансайхан ХК)
4. Хараат (Гурвансайхан ХК)
5. Нэмэр (Японы Адамасмайнинг ХХК)
6. Мардай гол (Японы Адамасмайнинг ХХК)
7. Дулаан уул (Францын Кожеговь ХХК)
2007 оны ОУАЭА-ын тооцоолсноор Монгол Улсын ураны баялгийг 62 мянган тонн гэж тодорхойлсон байдаг. Харин ЗХУ-ынхаар бол 80 мянган тонн гэж үзэж байсан. Гэхдээ эдгээр ордуудын тогтоогдсон нийт ураны хэмжээ 43,9 мянган тонн гэж тогтоогдоод байна.
Монголын ураны тогтоогдсон орд газрууд нутгийн зуун хэсэгт байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн ураны олборлолтын 80 хувийг гүйцэтгэж буй томоохон 6 компаний 5 нь Монголд үйл ажиллагаа явуулж байна. Уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Канадын Cameco Corp, Цөмийн эрчим хүч болон уран олборлолтын салбарт №1 компани болох Areva Group, Бүс нутгийн хэмжээнд ураны боловсруулалт, үйлдвэрлэлээр тэргүүлэгч RosAtom (ARMZ Uranium Holding), Австрали болон Африк дахь дэлхийн томоохон ураны ордуудыг олборлогч BHP Billiton болон Rio Tinto.
Монголд цөмийн эрчим хүч ашиглах боломж:
- Цөмийн түлш-Уран нь дулаан ялгаруулах чадвар асар их (нефтиэс 2∗106 дахин их) учир түлш тээвэрлэх зардал маш бага.
- Манай орон ураны нөөц ихтэй бөгөөд нүүрснийхээс 10 дахин их, түүнчлэн олборлох болон боловсруулах үйлдвэрээ сайжруулан ашиглах боломжтой.
- Агаарын бохирдлыг багасгах борломж.
- Нүүрстэй харьцуулахад хаягдал бага.
ЗХУ задрах тэр үед Орос улс Монголыг хэсэг мартан өөрийн дотоодын байалдаа анхаарлаа хандуулж байх тэр үеэс Хятад улс сиймхийг алдалгүй Монголыг зээл тусламж, хөрөнгө оруулалтаар бага багаар татах болсон. Тэр ч байтугай сүүлийн хэдэн жилд Хятад Монголын хилрүү , чиглэлийн зам байгуулах гэж буй талаар дурьдагдаад авсан. Хятадын Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод, Сайншанд аймаг руу, түүнчлэн Тавантолгойгоос зүүн өмнө зүгт үрших Гашуунсухайт боомт руу зам тавихаар төлөвлөөд байгаа гэнэ. Ураны дэлхийн зах зээл дээрх үнэ 10 жилийн өмнөхөн 1 паунд (453,6гр) нь 10 доллар байсан бол жил тутам өссөөр 2010 оны 3-р сарын байдлаар 41 долларт хүрч, харин хамгийн сүүлийн байдлаар 11-р сарын 21-н гэхэд 59,5 долларт хүрээд байна. Хятад улс манайхаас чанартай түүхий эд худалдан авах сонирхолтой бөгөөд Монгол руу зам тавьснаар одоогын худалдан авч буй үнээсээ 2 дахин хямд үнээр манай түүхий эдийг худалдан авах боломжтой болно. Эрчим хүч, үйлдвэрлэлийн түүхий эдийн эрэлт эрс өсөж байгаа өнөө цагт БНХАУын хувьд түүхий эдийн арвин нөөцтэй, газар зүйн хувьд оновчтой байршилтай, бизнесийн таатай орчинтой Монгол улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх илүү боломжтой юм. БНХАУ Монгол улсын хөрөнгө оруулагчдын тэргүүн эгнээнд байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын тал хувийг, эндээс 68 орчим хувийг нь уул уурхайн салбарт оруулсан байна. Харин хамтран ажиллах, хөрөнгө оруулах гэх мэтийн цаана Хятадын ашиг сонирхол байгаасаар л байна. “Түүх давтагддаг, давтагдсаар ч байгаа.” Түүхийг сөхөөд үзэхэд Монголд Хятадын ашиг сонирхол үргэлж байсаар ирсэн бөгөөд тусгаар тогтносон XXI зууны Монголд бас л байсаар байна. Хятадын хувьд “Монгол Улс ураны ашиг сонирхолын бүс” болоод байна. Үүний цаана Хятад хямд түүхий эдээр улсаа хангаад зогсохгүй Монголыг дотоодын зах зээлээсээ хараат байдалтай болгохыг зорьж байна уу гэлтэй... Тэртэй тэргүй хүнсээр манайхаас хараат юм гээд, цаашилж одоо уул уурхайн салбар руу гараа сарвайлгах боллоо. Ингэхдээ дайрах бус, Монголын улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийг ашиглаж бодлогоо хэрэгжүүлэх янзтай. “Хөрөнгө оруулалт” гэгч хөрөнгө өгч байгаад нь үр шимээ өгөх үү, хөрөнгө авч байгаад нь үр шимээ өгөх үү, аль эсвэл харилцан ашигтай байх уу? Авсан нь хохирох, өгсөн нэртэй нь хожих гэх үйл явцыг хөрөнгө оруулалт гэж хэлэхэд бас хэцүү. Монгол Улсын хувьд бол гадаадын хөрөнгө оруулалт гэх нэг иймэрхүү. Тэгэхээр Монгол Улсын хууль хэнд үйлчилдэг вэ гэдэг бас л сонин. . . Ингээд бодохоор хөрөнгө оруулалтын нэрээр эрдэс баялагийнхаа эзнээр гадаадынхныг суулгаад “Өрөм дотроосоо өтдөг” гэгчээр бодлогоо энэ янзаар байлгасаар байх уу, эсвэл ардчилал өөрчлөлт шинэчлэлт гэх үгээ бодит болгох уу гэдэг асуудал болоод байна.